Өөдрөг бай
Үүнийг өнгөрсөн зууны нэрт эрдэмтэн Эрик Фромм өөрийн үзэл баримтлалаар нотолж чадсан байдаг. Э. Фромм /1900-1980/ бол герман гаралтай, америкийн философич, социологч, нийгмийн сэтгэл зүйг судлагч, Фрейдын үзлийг шинэчлэгчдийн нэг. Түүний бие хүний биофил ба некрофил хэв шинжийн талаарх онол нэлээд алдартай.
Хүний хөгжлийг авч явдаг хоёр хандлага бий. Нэг нь некрофил, нөгөө нь биофил. Некрофил нь биофилийнхээ эсрэг хандлага тул байнга зөрчилдөнө. Ингэж некрофил өөрийнхөө тэнцвэрт байдлыг хадгалдаг.
Некрофил гэдэг үгийг грек хэлнээс махчлан орчуулбал үхэгсдэд дурлах, харин биофил нь амьдыг хайрлах, амьдралд дурлах гэсэн утгатай. Гэхдээ эдгээр үгийн утганд хэргийн хамаг учир оршиж байгаа юм биш ээ.
Э. Фроммын онолоор, ихэнх хүмүүст некрофил, биофил хандлага холилдон байдаг. Чухам аль хандлага давамгайлж байгаагаар нь тухайн хүний хэв шинжийг тодорхойлж болно. Некрофил, биофил хандлага дангаараа, тус тусдаа байх нь тун ховор. Хамгийн сонирхолтой нь, Э. Фромм өөрийн санааг тайлбарласан “Хүний сэтгэл” номондоо некрофил хэв шинжит хүнээр Адольф Гитлерийг тодруулсан байдаг.
Мэдээж, шинэ цаг үед Гитлертай адилтган хэн нэгнийг нэрлэх тун хэцүү. Харин ёс зүйтэй, жудагтай хүнийг хэдэн арав, зуу зуугаар нь дурдаж чадна.
Өнөө цагт ажлын хэт ачаалал, удаан хугацаанд өвдөх, сэтгэл санаагаар унах, дарамтанд орох, таагүй орчин, нөхцөл байдлын улмаас некрофил хандлага идэвхжиж болно. Ийм хандлага нь идэвхжсэн хүмүүс аливааг муугаар бодож муу хэлнэ. Бусдад бурууг тохно. Товчхондоо бол тэд ирээдүйгээ баллаж магадгүй.
Харин биофил бол амьдралд дурлах, сайн сайханд тэмүүлэх өөдрөг хандлага. Ийм хандлага хүмүүсийг гэгээлэг нэгэн болгодог. Тэд өнгөрсөнд баригдалгүй, шинийг эрэлхийлж амьдарна. Тэд шинэ соргог бүхнийг амьдралаас олж харна. Тэд сул дорой байдлаа давуу тал, боломж болгоно. Тэд хайр халамж, арга ухаан, мэдлэг туршлагаараа өөрийгөө нээж харуулахыг зорьдог. Тэдэнд хоёр зарчим бий: Сайн, муу. Гэхдээ тэд сайн зарчимыг зүг чигээ болгон урагшилна.
Э. Фроммын үзснээр, биднийг хүрээлэн буй амьтай бүхэн “биофил”-тэй. Хад асгыг ч ажралгүй цухуйн ургах өвс ургамал, сүүлчийн хүчээ шавхан тэмцэлдэх араатан амьтан, амьдралаа тэтгэн чадах бүхнээ хийж буй хүн төрөлтөнд ч нэгэн адил бий. Сайхан сэтгэл, хайр энхрийлэл, шударга байдал, эвсэг харилцаа, хэн нэгнийгээ дэмжин туслах, хүндэтгэн хайрлах, хайрлан дурлах нь биофилийн илрэл.
Аль ч хандлага хүний бодол сэтгэхүй, сэтгэл хөдлөл, мэдрэмж, үг яриа, дохио зангаа, биеэ авч явах байдалд тод илэрнэ. Хандлага өөрсдийнхөө оршиж байгааг ингэж илэрхийлнэ. Э. Фроммын тайлбарласнаар, хэрвээ хүн некрофил хандлагаа өөгшүүлээд байвал биофил хандлага аажмаар устаж үгүй болно.
Эцэст нь хэлэхэд:
Биофилийг дэмжин тэтгэ.
Некрофилд ахих боломж бүү олго.
Бэлтгэсэн: Б. Наран
No comments:
Post a Comment