Шинэ санааны эзэн Брайнсторм
Та өөрийнхөө төсөөлөлд нисэх эрх чөлөөг олго. Харин дараа нь түүнийгээ газарт бүтээ.
Алекс Осборн
Алекс Осборн
Хэрвээ та бүтээлчээр сэтгэхийг хүсвэл өөрийнхөө сэтгэхүйг эрх чөлөөтэй ашиглахад суралцах хэрэгтэй болно. Энэ боломжийг АНУ-ын зар сурталчилгааны BBDO /Batten, Barton, Durstine and Osborn/ фирмийг хамтран эзэмшигч Алекс Осборн /Alex Osborn/ хүн бүрт олгож байна.
А. Осборн нэлээд хэдэн мэргэжлээр гаршсан нэгэн. Тэр барилгачин, банкны зарлага, бичиг хэргийн ажилтан, цагдаа, багш, сурвалжлагч, бизнес эрхлэгч гээд олон ажилд хүч сорьсон. Харин зар сурталчилгааны компаниа гурван найзын хамт үүсгэн байгуулсан цагаас шинэ санаа олох ажилтай нүүр тулсан юм.
Ямар ч хүний толгойд шинэ санаа байнга эргэлдэнэ. Гэвч тэр санаагаа хэн нэгэн эсвэл хамт олон, удирдлагатайгаа үл хуваалцана. Хуваалцахыг хүссэн ч үл чадна. Гэтэл санаа нь бусдын ажил амьдралд ямар чухал болохыг мэдэхгүй, тэгэсхийгээд өнгөрөөнө. Хэн хүнд тохиолдох энэ саадыг Алекс гярхай ажсан байдаг. Тэр шинэ санаа хайж ажилчдынхаа дунд нэгэн өвөрмөц аргыг нэвтрүүлсэн.
ХХ зууны 30-аад он бол Америкийн хямралын үе. Осборны фирм энэ хямралд өртөхөд бэлэн байлаа. Ийм л үед тэр ажилчдаа урьж, ямар нэг санаа байгаа бол хэлэхийг хүслээ. Ажилчид А. Осборнд зар сурталчилгаагаа радиогоор цацахыг санал болгов. Ажилчдын санаа фирмийг аварч чадлаа. Үүгээр зогсохгүй BBDO зар сурталчилгааг радиогоор цацсан анхны фирм болон түүхэнд үлдсэн.
А. Осборн санааг нь олсон энэ аргаа улам боловсронгуй болгохыг хүссэн. Тэр анхны хувилбараа 1942 онд “How to think up” ном, эцсийн хувилбараа 1953 онд “Applied Imagination: Principles and Procedures of Creative Problem Solving Applied Imagination” номоороо дамжуулан олон нийтэд танилцуулсан. Арван хүнтэй зар сурталчилгааны баг 90 минутын дотор 87 санаа олсон гээд А. Осборны тэмдэглэсэн бүтээлч сэтгэхүйн баримт олны анхаарлыг татаж эхэлсэн. Ингээд тэр 1954 онд өөрийн “Creative Education Foundation”-г байгууллаа. Энэ үеэс түүний арга Америкт “моод” болсон.
А. Осборны сэдсэн арга тун энгийн. Хоёр үе шаттай.
1-р шат: санаа гаргах
2-р шат: санаагаа хөгжүүлэх.
Эхлээд чөлөөтэй сэтгэх бүлэг үүсгэнэ. Бүлгээ хоёр хэсэг хуваана: санаа гаргагч, шүүмжлэгч.
Эхний хэсэг өгөгдсөн сэдвийн хүрээнд тархинд орж ирэх санаагаа хэлнэ. Зарим санаа сэдэвтэй холбогдохгүй юм шиг санагдаж болно. Гэсэн ч оролцогч бүр санаагаа хэлэх зоригтой байх хэрэгтэй. Аль болох олон санаа гаргах тусам сайн.
Бүлгийг удирдаж буй модератор аливаа санааг сайн, муу гэж шүүмжлэхийг хориглоно. Түүний зорилго бол аль болох олон шинэ санааг олж авах. Тиймээс санааг анхааралтай тэмдэглэж авна.
Харин төгсгөлд шүүмжлэгчид үнэлэлт өгнө. Хэр олон санаа байна, тэр хэрээр шилдэг санаа олох боломж нээгдэнэ.
А. Осборн энэ аргаа “Brainstorming” гэж нэрлэсэн. Арга энэ л нэрээрээ дэлхийд алдаршсан.
Brainstorming-ыг “үрчлэн авсан” анхны шинжлэх ухаан бол сэтгэл судлал. Сэтгэл судлал уг аргыг анхандаа сэтгэл засалд хэрэглэдэг байсан. Одоо бол хувь хүний чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор янз бүрийн хэлбэрээр ашиглаж байна.
XI зуун гарахад Brainstorming шинэ, шинэ зохиогчтой арав гаруй хувилбартай болсон. Нийгэм, эдийн засгийн олон салбарт уламжлалт бус шийдвэр гаргахад өргөн ашигладаг. Олон ч хүн шинэ, шинэ санааны эзэн болж байна. Товчхондоо бол хэн шинээр юу хийхийг хүснэ, тэр түүнийг хэрэглэж болно гэсэн үг.
Өнөөгийн өндөрлөгөөс харахад, хүмүүс А. Осборныг Brainstorming-ны эцэг гэж хүндэлдэг. Тэрний гайхалтай санаа хүн бүрийг хийж бүтээхийг эрх чөлөөнд дуудсаар байна.
Бэлтгэсэн: Б. Наран
No comments:
Post a Comment